Сөүл хотын дарга Монгол Улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 17:10:12

Улаанбаатар-Сөүл хотууд эгч, дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан  энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэнэ.

Нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  ВонСүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгч Улаанбаатар хотноо  айлчилж байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр Сөүл хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ, “Бид 20 жилийн турш найрсаг харилцаатай байж, олон салбарт  идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Хамгийн ойрын жишээг хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн юм.

 “Кореа смарт карт” компанийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлсэн нь бидний хамтын ажиллагааны үр дүн гэж хэлж болно. Цаашид бид хотын агаарын бохирдлыг бууруулахад хэд, хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа.  Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр, зам тээвэр, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллана” хэмээн онцлов.

Сөүл хотын дарга Пак Вонсүн,“Энэ удаагийн айлчлалаар бидний хамтын ажиллагаа улам батжиж, хот хоорондын, байгууллага хоорондын түншлэл нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй адилхан Солонгосын ардчиллын төлөө  зүтгэж явсан хүн. Тиймээс бидэнд улс төрчийн хувьд адил төстэй зүйл их бий” гэлээ.
Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын SH корпораци буюу Орон сууцны корпораци, Сөүл хотын Ус судлалын газар, Ус хангамжийн ерөнхий газар, Сөүл хотын Төлөвлөлт, зохицуулалтын газар,  Сөүл хотын Зам харилцааны ерөнхий газар, Уур амьсгал, хүрээлэн буй орчны газрын дарга, төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

 Сөүлийн төлөөлөгчид маргааш Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалтад оролцож хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, агаарын чанарыг сайжруулах зэрэг хэд, хэдэн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэх юм байна.
“Сөүлийн өдрүүд” урлагийн тоглолтод оролцохоор 50 гаруй уран бүтээлчид  хүрэлцэн иржээ.

Б.Заяа

相关新闻
注释