Иран, Орос хоёр Туркийн хоолойнуудыг орлох суваг барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-04-15 11:20:16

МОСКВА. /eadaily.com/. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани шүүгээний тавиурын тоосонд дарагдаад бараг мартагдах шахсан нэгэн төслийг хэрэгжүүлэх бодолтой байна гэж Туркийн “Тараф” сонинд бичжээ.

Энэ бол Каспийн тэнгисийг Персийн булантай холбосон хөлөг онгоц нэвтрүүлэх суваг барих ажил юм.

Ираны “Суэцийн суваг” гэгдэх уг төслийг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгоход 7 тэрбум доллар шаардагдах тооцоо гарсан бөгөөд иранчууд Оросоос тусламж хүсэх бодолтой байгаа бололтой. Суваг барих ажлыг 2030 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж. Суваг нээгдсэнээр Каспийн тэнгис рүү гарцтай  Азербайжан, Казахстан, Туркменистан, Орос, Иран гэсэн 5 орон олборлосон газрын тос болон байгалийн хийгээ задгай тэнгис рүү гаргах боломжтой болно. Үүний дүнд Өмнөд Кавказ, Каспийн тэнгисийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац улам эрчимжих юм. 

Туркийн сонинд бичсэнээр бол, өдгөө гол мөрний флотын жижиг хөлөг онгоцууд Хар тэнгисээс Каспид чөлөөтэй нэвтэрч байгаа. Хэрвээ том усан онгоцууд энэ замаар явах боломжтой болсон нөхцөлд Дунай мөрнөөр дамжин Европын төвд нэвтрэх хаалга нээгдэнэ. Түүний зэрэгцээ Каспийн тэнгисийг Персийн булантай холбож чадваас эдийн засгийн асар том чадавхийг бий болгох юм. 

Дээр дурдсан Ираны төсөл хэрэгжсэн тохиолдолд Оросын цэргийн хөлөг онгоцууд Туркийн Босфор, Дарданеллийн хоолойнуудаар дамжихгүйгээр задгай тэнгист гарах болно. Ингэснээр уг хоёр хоолойн цэрэг, эдийн засгийн ач холбогдол буурах магадлалтай. Түүнээс гадна, эдгээр хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудын тоо цөөрснөөр Гантиг тэнгисийг Хар тэнгистэй холбосон суваг барих "Истанбул" хэмээх Туркийн төсөл санхүүгийн хувьд ашиггүй болох юм. 

Каспийн тэнгис бол манай дэлхий дээрх хамгийн том нуур бөгөөд эргийн шугам нь 7000 км урт аж. Каспийг Персийн булантай холбосон сувгийг зөвхөн Ираны нутгаар дайруулан татах боломжтой.  

Х.Сарнай

 

 

相关新闻