Дотоодын хэрэгцээний махыг уламжлалт цех болон хээрийн аргаар бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх 96 үйлдвэр цех, мах махан бүтээгдэхүүний 144 аж ахуйн нэгж буюу нийт 240 обьектыг хамруулан хяналт шалгалт хийсэн талаар өчигдөр мэдээллээ.
18 аймгийн 23 сум, нийслэлийн 4 дүүрэгт үйлдвэрийн аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэрийн хүчин чадлыг авч үзвэл, жилд 9.7 сая бог, 1.9 сая бод, нийт 11.6 сая мал төхөөрөх боломжтой байна.
МХЕГ-ын ХААХХ-ийн дарга Д.Батжаргал: "Мал төхөөрөх үйлдвэрүүдийн барилга байгууламжийн 40-50 хувь нь 20-30 жилийн өмнө мал төхөөрөх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжийг засварлаж, тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байна. Харин сүүлийн жилүүдэд байгуулсан үйлдвэрүүдийн ихэнх нь сэндвичин барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн, 306 буюу 61.3 хувийг арилгуулах арга хэмжээ авав. Илэрсэн зөрчлийн дийлэнх буюу 67.6-89 хувийг бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйтгэх ваннгүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй, мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчил эзэлж байна" гэв.
Монгол улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Мал төхөөрөх үйлдвэрүүд улирлын чанартай ажилладгаас зөвхөн экспортын зориулалтаар гаргах махыг төхөөрөх үйлдвэрт бэлтгэдэг, харин хүн амын дотоодын хэрэгцээнд нийлүүлж байгаа мах, түүхий эд, бүтээгдэхүүн нь дулааны улиралд нийслэл, аймгуудын дэргэдэх уламжлалт аргаар мал төхөөрөх цехүүдэд, хүйтний улиралд хээрийн нядалгаа буюу малчны хотонд эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй орчинд төхөөрч, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдахад нөлөөлж байна.
Түүнчлэн ХХААХҮЯ-наас олгож байгаа махны квотыг махны үйлдвэргүй аж ахуй нэгжид өгөх, эсвэл мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадалд тохируулан олгоогүйгээс үүдэж экспортлох эрхгүй ААН-ээр махаа бэлтгүүлэх, урьдчилан их хэмжээгээр боловсруулж, нөөцлөх зэрэг байдал нь улс хооронд мах экспортлохоор байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколд тусгагдсан заалтууд зөрчигдөх, махны экспорт зогсох, хүн амын хүнсэнд нийлүүлэх махны хэмжээ буурч, махны хомстол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэл үүсгэж байгааг хэллээ.