Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташе Мелинда Адамыг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Монгол-Хятадыг хавсран хариуцах цагдаагийн атташегаар томилогдсон цагдаагийн хошууч Мелинда Адам энэ сарын 15-17-нд манай улсад албан айлчлал хийлээ.
Хатагтай Мелинда Адам Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж ЦЕГ-ын дэд дарга Ж.Болдтой хоёр орны цагдаагийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Тэрбээр албан үүргээ 4 жилийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын бүхий л түвшний харилцаа хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ уулзалтын үеэр тэмдэглэсэн байна.