Олны анхаарал татсан онц ноцтой хэргүүдийн талаар тайлбар өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-20 11:12:29

Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбатын олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултаас толилуулья.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэргийн тухайд түүний хэргийг тэгж ингэж шийдлээ гэсэн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна гэсэн хариу өгөв. Харин С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байгаа эсэхийг асуухад, С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын зарим гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна билээ. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байна. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарна. Тухайн үед мэдээлнэ гэв. Шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын асуудалтай холбогдуулан "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компанид нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэд халдлаа гэх мэдээлэл тарсан. Прокурорын зөвшөөрөлтэй гэж байсан. Энэ үнэн үү? гэсэн асуултад "УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжийн хувьд нэгжлэг хийсэн. Нэгжлэг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх нөхцөл байдлыг хангах үүднээс прокурор оролцуулсан. Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, нэгжлэгийн дараа баривчилгаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа өөрөө онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага, албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг. Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна. Нэгжлэгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн зарим санхүүгийн баримт, эд зүйлийг хураан авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж хариуллаа.

Ж.Батсайхан 

 

相关新闻