Угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэхэд Новосибирсктэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-20 12:32:44

ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Айчлалын хүрээнд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Айлчлалын үр дүнд хоёр хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тийч ч учраас Улаанбаатар хотын хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болсон. Энэхүү ажилд Та бүхний туршлага, зохион байгуулалт маш хэрэгтэй байна. Биднийг бүх талаар дэмжиж, уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна” гэв.   
Харин Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хот ах дүү хотууд болж, бидний харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно. Улаанбаатар хотын угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэх ажлыг хийх гэж байна. Бидний зүгээс эдгээр барилгыг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар судалгаа гаргаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд орох гэж байна. Хөрөнгөө шийдчихвэл удахгүй ажилдаа орох юм. Мөн зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбар, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ. 

相关新闻