Нуур, голын мөс цөмрөхөөргүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол,
нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн гурван удаагийн дуудлагаар
ажиллажээ. Тухайлбал, 2019 оны 12
дугаар сард Баян-Өлгий аймгийн Сагсай сум, “Даян” нууранд 10 тн тоосго ачиж
явсан “Стивер” маркийн автомашин живснийг энэ сарын 4-нд татаж
гаргасан байна.
Мөн энэ сарын 8-нд “Туул” голын мөс цөмөрч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б-гийн “Кроун” загварын суудлын автомашин осолдсон тухай дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргажээ.
Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Тэрэлжийн гүүрний баруун талд “Туул” голын мөс цөмөрч иргэн Г-ын “Старекс” загварын суудлын автомашин живсэн тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна.
Манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөстсөн хэдий ч 2019 оны 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 градусаар дулаан байсантай холбоотой гол мөрний дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.