Нийт бэлчээрийн 40 хувь нь тааруу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 6108 малчин өрхийн 3,0 сая толгой мал өнөтэй сайхан өвөлжиж байна. Нийт мал сүрэг дундаж тарга хүчтэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Одоогоор өвөлжилт хэвийн, бэлчээрийн 40 хувь нь өвстэй, 20 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь тааруу байгаа аж. Аймгийн баруун бүсийн дөрвөн сум өвөлжилт боломжийн, зүүн болон төвийн бүсийн сумдаар өвөлжилт тааруу, хавартаа хүндрэх төлөвтэй байна.
Өөрийн аймгийн сумдад 209 өрхийн 70.9 мян толгой, хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор тус тус өвөлжиж байна.
Мөн Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 135 өрхийн 118,3 мянган толгой мал Өмнөговийн 10 суманд өвөлжиж байна. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал орж ирсэн өвөлжиж буй.