Эрхэлсэн ажилгүй залуус гэмт хэрэгт холбогдож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас сар шинийн баярын өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-27-ныг хүртэл гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол хүлээн авч шалгасан талаараа танилцууллаа.
Тодруулбал, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 32, хүчин
5, хулгай 53, дээрэм 2, залилан 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14
гэмт хэрэг бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт 16 хүн золгүй
байдлаар нас барсан байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 2 сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 9.4 хувиар буурчээ. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу өнгөрсөн сарын 15-29-нд гарсан гэмт хэрэг өмнөх оныхоос буурсан статистик үзүүлэлт гарсныг албаныхан онцлов.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, “Хоёрдугаар сарын байдлаар гэмт хэрэгт 1733 хүнийг холбон шалгаж байна. Эдгээр хүмүүсийн 44.9 хувийг 18-29 насны залуус эзэлж байгаагаас 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна” хэмээв.
Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх
зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол
учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нас барсан хүний
тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсөж, эд хөрөнгийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая
төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Түүнчлэн нийт 383.26 зөрчил бүртгэгдсэнээс 81.391 зөрчлийг
цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэжээ. Зөрчлийн 75 хувь нь нийслэлд
бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь замын хөдөлгөөн, жолоочийн хариуцлагатай
холбоотой аж. Зөрчил гаргасан 28.750 аж ахуй нэгжид торгох шийдвэр оногдуулжээ.
Мөн эхний хоёрдугаар сарын байдлаар 17.430 хүн
эрүүлжүүлэгдсэн байна. Тэдний 73.4 нь нийслэлд бүртгэгдсэн бол 91.6 хувийг
эрэгтэйчүүд эзэлж байна. Харин 1460 нь эмэгтэйчүүд байгаа бол насанд
хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ.