Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ирэх сарын 5-ныг хүртэл цагдан хорилоо.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханыг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн. Уг хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх сарын 5-ныг хүртэл хойшлуулсан юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан байна.
Мөн үеэр прокуророос гаргасан саналын дагуу М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.