Хүүхдийн бэлэгт агуулагдах сахар зохист хэмжээнээс 16 дахин их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-05-29 16:53:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн  хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн хамрагдсан байна.

Тус хяналт шалгалтаар 560 орчим  зөрчлийг илрүүлжээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Мөн хүүхдийн бэлгийн сахрын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөлөө. Нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлгийн сахрын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм байна гэсэн судалгаа бий. Энэ нь ЭМЯ-наас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулахад даруй 16.5 дахин их байна.

Сахрын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Иймээс сахрын агууламж багатай, эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөлөө.


相关新闻