“Монголын инновацийн 7 хоног” ногоон хөгжилд чиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Энэ жилийн арга хэмжээ ногоон хөгжил, инноваци, технологид чиглэж буйгаараа онцлогтой.
Энэхүү инновацийн 7 хоногийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БСШУЯ-нд болж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Инновацийн 7 хоногийг БСШУЯ, БОНХАЖЯ, ШУТИС, Аж үйлдвэрийн яам, Монголын Инновацийн холбоо, МҮХАҮТ, СУИС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран энэ сарын 09 -15-нд зохион байгуулна.
Өнөө үед мэдлэгийн эдийн засгийн нөөцийн нэг чухал хүчин зүйл болж, улс орны байгалийн нөөц баялгаас илүүтэй үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсийг бүрдүүлж байна.
Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, инновацийн чиг баримжаа улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлох боллоо.
Энэ нөхцөлд манай орны хувьд шинжлэх ухаан-боловсрол-бизнесийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг уялдуулах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна.
Инновацийн долоо хоногийн хүрээнд маргааш “Ногоон технологи, инноваци-2016” зөвлөгөөн болон үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд, пүрэв гарагт “Дэлхийн дизайны чиг хандлага: Хаягдлыг худалдах боломж” сэдэвт үндэсний бүтээгдэхүүний дизайны шинэчлэлийн сургалт семинар, бямба гарагт Монголын соёл, уламжлалыг танилцуулах соёлын арга хэмжээ, ням гарагт хаалтын ажиллагааг тус тус зохион байгуулах юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал