Импортын улаанбуудайн үрийн асуудал маргаантай хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМХЕГ-ын хурлын танхимд импортын үрийн буудайг тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөв.
"Импортын үрийн буудайнд 4 удаа шинжилгээ хийснээр тариалан эрхлэлтэд тэнцэнэ гэсэн дүгнэлтийг үгүйсгэх, улсын байцаагчид нөлөөлөхийг оролдох, дарамтлах зэрэг зөрчил гарч, мэдээллийн хэрэгслээр түгээж буй ташаа мэдээлэлд хариу болгож өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгч байна. ХХААЯ, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд энэ төрлийн маргаан өмнө нь хэд хэдэн удаа гарсан. Харин үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага үнэн зөв дүгнэлтийг гаргаж эцэслэж ирсэн. МХЕГ нь хяналт шалгалт хийх, эцсийн дүгнэлт гаргах субьект тул энэ маргааныг бид таслах ёстой. Бид хуульд заасан зохих журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна" хэмээн МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж” сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн ОХУ-аас импортоор орж ирсэн Алтайская жница сортын тарих үрийн улаан буудайг Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар лац хөндөж хил хорио цээрийн хяналтгүй дээж авсан нь хууль зөрчсөн гэх маргааны эхлэлийг тавьсан нь батлагдсан. Улс даяар тариалан эрхлэлт 10 хоногоор сунжраад байгааг онцлов.
“Нямдаваабайгаль” компани нь үрийн улаанбуудайг импортолж байгаа. Шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсны дагуу Дархан-Уул аймгийн улсын ахлах байцаагч Болормаа, Нарантуяа нар компанийн төлөөллийг байлцуулан гүний гааль, хорио цээрийн шалгалтыг хамтран хийж, дээжийг авч лабораториор шинжлүүлжээ. Уг шинжилгээг өнгөрөгч 4 дүгээр сард авсан юм.
Мөн энэ хурлын үеэр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат “МХЕГ-ын 4 удаагийн шинжилгээний хариу хоорондоо зөрж байгаа бөгөөд тариалан эрхлэгчдийн төлөөллийг дээж авахад байлгахгүй байгаад гайхаж байна. Импортын үрийн буудайг оруулж ирж буй “Нямдаваабайгаль” компанийн захирал МХЕГ-ын даргын садан гэдгийг бид мэдсэн. Харин шинжилгээг явуулж буй улсын байцаагч Болормаа урьд нь тариалалтад тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргаж олон компанийн ургацыг алдуулж байсан. Ургац алдвал тариалан эрхлэгчид бид л хохирч үлдэнэ” гэв.
Д.Өлзий