Өргөдөл гомдлын мэдээллийг цахимаар хянах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-10 09:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг e-justice.mn сайтаас харах боломжтой болсон тухай өчигдөр Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Бүртгэл, мэдээллийн технологийн газрын албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар мэдээлэв.

 

Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, тус сайтыг “Цахим нэгтгэл”, ХБНГУ-ын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн, Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн багууд хамтран хийж гүйцэтгэжээ. 

 


Мөн Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүдтэй холбон, нэгдсэн мэдээллийн сан бий болгосон байна.

Сайтад 2017 оноос хойших эрүүгийн хэргийн мэдээллүүд багтах бөгөөд гомдол гаргасан, хохирсон, гэмт хэрэгт холбогдсон иргэд нэвтрэх бүрэн боломжтой бөгөөд интернэттэй газраас утас, компьютер, таблет зэрэг хэрэгслээр дамжуулан мэдээллээ харж, хянах боломжтой юм.

Иргэн e-justice.mn сайтад холбогдохдоо “Дан” хэмээх нэгдсэн системд бүртгүүлж өөрийн нэр дээрх утасны дугаараар нэг удаа нэвтрэх нууц үг хүлээн авах юм байна. 

 

 

Сайтыг энэ сарын 15-ны өдөр нээхээр төлөвлөж байгааг Улсын ерөнхий прокурорын газрын бүртгэл, мэдээллийн технологийн албанаас танилцууллаа. 


Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар хуулийн байгууллагад 30 мянган иргэн өргөдөл гомдол гаргаснаас 6662 хэргийг шүүхэд шилжүүлэн ажилласан байна. Өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхдээ олон шат дамжлага дамждаг тул иргэд тухай бүрт нь очиж уулзаж, мэдээллээ авдаг байсан нь иргэдэд төдийгүй тухайн байгууллагад ч ихээхэн ачаалал, хүндрэл учруулдаг байжээ.


Б.Мандуул

相关新闻