Оффшор данстай зарим эрхмийн нэр тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭОлон улсын эрэн сурвалжлах "The Panama papers" сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь урьд шөнө / Улаанбаатарын цагаар 03.00 цагт / дэлхий нийтэд зарлав.
Ингэснээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэлээ. Энэхүү жагсаалтын дотор Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэнийг олон нийт сонирхож эхэллээ. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа нь бас л сонирхол татна. Улстөрчдөөс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар, Сангийн сайд асан Я.Очирсүх, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр / нарын нэр байна. Харин Д.Ишжамц , Б.Болорчимэд, Ө.Сайхандаваа, Э.Болдмаа, Ж.Болд, Ц.Сэргэлэн, С.Мөнхжаргал, Х.Бүрэн-Эрдэнэ, С.Батсайхан, С.Сайнбаяр, Х.Хүрэл, С.Бат-Очир, Б.Бат-Эрдэнэ...гэхчлэн төдий л танил бус хүмүүсийн нэр бичигджээ. Олны танил хүмүүсээс "Петровис"-ийн Ж.Оюунгэрэл, Э.Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү) нарын нэр гарч ирээд байна. Дээр дурдсан хүмүүсээс Батзориг Чимэддорж гэгч эрхэм нэр дээрээ зургаан оффшор дансны бүртгэлтэй бол Ч.Давааням , Б.Дэлгэрсайхан, Х.Анхбаяр, Б.Бум-Эрдэнэ М.Баяраа нар хоёр ч данстай байгааг онцлууштай. Мөн АНУ-ын харьяалалтай хоёр хүн байгаа нь ерөнхий сайд асан С.Баярын Бадамханд, Нандин нар байгаа бол өмнө нь оффшор дансанд нэрээ "China-Монгол" хэмээх нэрээр бүртгүүлээд баригдаж, хариуцлага тооцож байсан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын нэр хэвээрээ байгаа төдийгүй хятадын баячуудын дотор "Mr.Ieo Shiu" нэрээр дансны бүртгэл гарч ирснийг ч олон нийтийн сүлжээнд дурджээ. Ийнхүү хүлээж байсан оффшор дансны "нууц эзэд" улам тодрох нь тодорхой байна. Ер нь энэхүү оффшор дансны баримтууд нь 200 гаруй нууц компани, сангийн 11,5 сая материалыг эрэн сурвалжилсны үр дүнд цуглуулсан мэдээлэл аж. 1977-2015 он хүртэлх 40 жилийн хугацаанд цахим шуудангууд, санхүүгийн тайлан, паспортын мэдээлэл, корпорацийн бичиг баримтуудаас үндэслэсэн байна. Тэрчлэн татвараас бултагсад Виржинийн арлууд, Сешелийн, Багамын арал зэрэг "татварын диваажин"-д компаниа бүртгүүлдэг болохыг ч "The Panama papers" онцлоод байгаа юм.
Ж.Батсайхан