Оршин суугчид нэгдэж орчноо тохижуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Орон сууцны иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэж, орчноо тохижуулах, зөв дадал хэвшүүлэх замаар цэвэрхэн, тохилог амьдарч байгаа зарим сайн туршлагаас танилцуулж байна.
Ховд аймгийн Жаргалант сумын “Богоч констракшн” ХХК-ийн 208-ын А, Б байранд нийт 27 айл өрх оршин суудаг.
Эдгээр айл өрх хамтран байрны дэргэд тоглоомын талбай байгуулжээ. Улмаар хүүхдүүдийн санал санаачилгад тулгуурлан тоглоомын талбайн дүрэм боловсруулан байршуулсан байна.
Ингэснээр хүүхдүүд тоглоомын талбай болон орчиндоо ил задгай хог хаягдал хаяхгүй байх зөв дадалд суралцжээ. Мөн 7 хоногт 1-2 удаа орчны нэгдсэн цэвэрлэгээ хийж хэвшсэн байна.
Хүүхдүүд хуваарийн дагуу мод, цэцэг, зүлгээ усалдаг
Түүнчлэн орон сууцны барилгын орчны өнгө төрхийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор оршин суугчид хамтран 6 цэцгийн мандал, зүлэг, 17 ширхэг мод тарьжээ.
Улмаар тухайн байрны оршин суугчдын төлөөлөл болох 20 орчим хүүхэд тарьсан цэцэг, мод, зүлгийг услах, арчлах ажлыг хариуцаж байна.
Тэд тусгай хуваарийн дагуу хариуцсан цэцэг, модоо усалж хэвшсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хүүхдүүд зүлэг, цэцгийн мандлыг өдөр бүр усалдаг бөгөөд модыг пүрэв, бямба гарагт усалдаг байна.
Энэхүү ажлын үр дүнд иргэдийн хамтын хүчээр тав тухтай, тохилог, эко орчин бий болсон. Бага насны хүүхдүүд орчноо цэвэрхэн, эко байлгах тус ажилд идэвхтэй оролцож байна гэж оршин суугчдын төлөөлөл онцоллоо.


