Цагдаагийн биед халдсан жолоочийг 2.9 саяар торгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөнд урсгал сөрөн оролцож, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг билүүлэлгүй биед нь халдсан жолооч эмэгтэй А-г нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2900 нэгж буюу 2.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав.
Хэргийг тодруулбал, иргэн А нь "Nissan Note" маркийн машин жолоодон 5 дугаар сарын 1-ний 07:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутагт, 5 дугаар баазын уулзвэр дээр замын хөдөлгөөний дүрэм зөрчин, урсгал сөрөн явах үед нь цагдаагийн алба хаагч, зохицуулагч З нь тухайн жолоочийг зогсоож шалгасан юм. Энэ үед тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, улмаас биед нь халдсан юм. Энэ нь цагдаагийн алба хаагчийн камерт баримт нотолгоотой бичигджээ.
Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн иргэнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ийнхүү шүүхийн шийдвэр гарч торгожээ. Иймд хөдөлгөөнд оролцогч нар замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг ТЦА анхаарууллаа.