Эвлэрүүлэн зуучлалаар шүүхийн ачааллыг 22.5 хувиар бууруужээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4.7 хувиар, иргэний хэрэг 31.4 хувиар, захиргааны хэрэг 6.4 хувиар өсчээ.
Хүний амь насыг хохироох, залилах, мал хулгайлах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг дээрэмдэх, хүний бэлгийн эрх чөлөөнд халдах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй
байдал ашиглалтын журам зөрчих, болон хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн тоо
буурчээ.
Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар өсөв.
Өссөн хэрэг маргаанаас дурдвал худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 1075 хэргээр буюу 42.9 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 901 хэргээр буюу 38.4 хувиар, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 757 хэргээр буюу 2 дахин, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 463 хэргээр буюу 82.7 хувиар, ажилласан жил тогтоох маргаан 3089 хэргээр буюу 79.9 хувиар өссөн байна.
Эвлэрүүлэн зуучлалаар шүүхийн ачааллыг 22.5 хувиар бууруужээ. Эвлэрүүлэн зуучлалд 7710 өргөдөл ирүүлснээс 5375 өргөдөл эвлэрэлээр амжилттай шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11 хэрэг буюу 1.4 хувиар буурсан байна. Газрын маргаан 21 хэргээр буюу 13.3 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 20 хэргээр буюу 35.7 хувиар, татварын маргаан 1 хэргээр буюу 3.2 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 42 хэргээр буюу 28.4 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 32 хэргээр 35.6 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 12 хэргээр буюу 44.4 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 14.3 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 5.9 хувиар тус тус буурсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 16.3 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.
С.Туул