Орон нутгийн замд ослын улмаас 7 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ.
Тухайлбал, зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтснээс 2 нь хүүхэд байжээ. Орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослоор 7 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байжээ. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх -4
- Мөргөлдөх-5
- Онхолдох- 9
- Үл хөдлөх цэг мөргөх- 1 тус тус бүртгэгджээ.
Энэ ням гаригт гарсан ноцтой зам тээврийн ослын улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд энэ сарын 18-ны 8 цагийн орчим “Даюун” маркийн мотоцикл онхолдож, зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон байна.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд 22 цагийн орчим “Даюун” маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохиржээ.
Мөн Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багийн нутаг дэвсгэрт 22 цагийн орчим асфальтан замд “Т.Alion” маркийн автомашины жолооч О, “H.Insite” маркийн автомашины жолооч Ц-тэй мөргөлдснөөс жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон байна.
Бямба гаригт гарсан ноцтой зам тээврийн ослын улмаас Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р баг “Эмээлт толгой” гэх газарт 17 цагийн орчимд шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт 13 цагийн орчим шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон байна. Иймд жолооч та бүхнийг холын замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.