Д.Оюунчимэг: Тарваган тахлаас урьдчилан сэргийлж, 24 цагаар шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр “Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодоор дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгсэл болон зорчигчийн ачаа тээшинд үзлэг, шалгалтхийж байна. Тарвага болон түүний түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч ЗӨСҮТ-д шинжлүүлж байгаа. Мөн тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэж байна. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд ачаа тээвэрт хийсэн шалгалтаар 364 ширхэг тарвага, энэ оны эхний хагас жилд 109 тарвага илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгөөд байна. Энэ оны нэгдүгээр улиралд Эмээлт дэх хяналтын цэгээр 97 ширхэг, Морингийн даваанд хоёр тарвага, Өлзийт дэх хяналтын цэгээр нэг үйлдлээр хоёр тарвага нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлсэн. Хоёрдугаар улирлын эхээр Эмээлт дэх хяналтын цэгээр 3 тарвага илрүүлсэн бол энэ сард таван тарвага тээвэрлэн явсныг илрүүлээд байна” хэмээв.