Х Бат-Ялалтыг 15 сая төгрөгөөр торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-27 11:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан Х Бат-Ялалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 4 дүгээр сарын 20-нд  хүлээн авч, баасан гарагт хэлэлцэж торгох ял оноов.

Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг тогтоожээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

相关新闻