Авлигын эсрэг олон улсын цахим хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (ADB) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагa (OECD)-ын хамтарсан Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас “COVID-19 цар тахлын үеэр шударга байдлыг сахин хамгаалах нь” сэдэвт хурлыг цахимаар өнөөдөр зохион байгуулж байна.
Уг сургалт нь Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас гишүүн орнуудынхаа авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд жил бүр сургалтын нэг юм. Монгол Улс 2001 онд тус санаачилгын гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх сайн туршлага, мэдээлэл харилцан солилцох, олон улсын сургалтуудад албан хаагч нараа оролцуулдаг юм.
Энэ удаагийн сургалтад 31 улсын 130 төлөөлөгч оролцож, цар тахлын үед авлигатай тэмцэхэд тулгарч буй асуудлууд болон цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцож байгаа юм. Хурлаар төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал ихээр тулгарч байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагaас онцлов.
Ихэнх улсад хилийн хязгаарлалтууд, үйлдвэрлэл үйлчилгээний дутмаг байдлаас үүдэн төрөөс бараа, үйлчилгээ худалдан авахад үнийн өсөлт үүсэх, сонголт бага учраас шударга байдлыг хангах зэрэгт бэрхшээлүүд тулгарч байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд урт хугацаанд улс орнууд Худалдан авах ажиллагааны хуульдаа цар тахал мэт онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх тодорхой зохицуулалтыг нэмэх, цахим худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, хөндлөнгийн хяналт шалгалтыг зайнаас хийдэг болох мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зарим улс орнууд цар тахалтай тэмцэхийн тулд бусад салбарт зарцуулахаар төсөвлөсөн зардлаа танах шаардлага тулгарч буй ч авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад зарцуулах зардлаас хасаж болохгүй гэсэн чиглэл, зөвлөмж өглөө.