Мэргэжлийн өмгөөлөгч иргэдэд анхан шатны эрх зүйн зөвлөгөө өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо хамтран “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн өмгөөлөгч нар иргэдэд анхан шатны эрх зүйн зөвлөгөө утсаар үнэ төлбөргүй өгч байна.
Иргэд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагийн өглөө 09.00-17.00 цагт 75050801, 75050802, 75050803, 75050804 гэсэн утсаар холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжтой аж.
Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос иргэд ямар асуудлаар голчлон зөвлөгөө хүсэж байгааг тодруулахад, “Коронавирусний халдвар гарч хөл хорио тогтоохоос өмнө хуульчид сайн дураараа иргэдэд биечилж хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Тухайлбал, “Дүнжингарав”, “Драгон”, зургаан буудлын “Оргил худалдааны төв” гэсэн цэгт 2-3 өмгөөлөгч зөвлөгөө өгдөг байсан. Харин одоо Хууль зүйн үндэсний хүрээлэнд байрлаж, утсаар зөвлөгөө өгч байна. Иргэдийн ихэнх нь гэр бүлийн маргаан, гэр бүл цуцлах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан, хүний амь насыг хохироосон, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой зөвлөгөө авч байна. Өдөртөө нэг өмгөөлөгч 20-30 хүнд зөвлөгөө өгөх боломжтой байна. Ер нь иргэд аливаа эрх зүйн харилцаанд оролцохоосоо өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч хэвших хэрэгтэй. Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэж, өөртөө болон бусдад эрсдэл учруулахгүй байхын тулд эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм. Тухайлбал, иргэд зээл авахаасаа өмнө зээлийн гэрээ байгуулах эрх зүйн мэдлэг, туршлагатай хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авбал, дараа нь ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэв.