Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Ц.Шаравжамцыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томиллоо.
Ерөнхий сайдын эрхлэх
асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын
улсын хороог шилжүүлсэн.
Ажилд томилох тухай
тогтоолыг ЗГХЭГ-ын ахлах референт Г.Оюунтунгалаг уншиж танилцуулан гардуулсан байна.
Тэрээр “Монгол улсын Засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсрага биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэсэн” гэжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нь 2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөх, 2016 оноос Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга, 2017 оноос БСШУСЯ-ны харьяа БТСГ-ын даргаар тус тус ажилласан юм.