Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-21 09:05:45

Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлнэ.


Энэхүү төсөл нь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг сайжруулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм байна.


2017 оны НҮБ-ын Хүн амын сан болон Үндэсний статистикийн судалгаагаар гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ.


Төслийн хүрээнд, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт шүүх хуралдааны ажиглагчдыг чадавхжуулах сургалтыг наймдугаар сарын 11-14-нд зохион байгуулжээ.


Ингэснээр шүүх хуралдаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөнд автахгүй төвийг сахих байр сууринаас шаардлагатай зөв мэдээллийг цуглуулах арга зүйг нэвтрүүлж, шүүхийн нээлттэй, ил тод байдалд олон нийтийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой юм.


Энэ сургалтаар иргэний нийгэм болон хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 34 ажиглагчийг Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай болон Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн хохирогч төвтэй хянан шийдвэрлэж байгаа байдалд шүүх хуралдааны мониторинг хийхэд чадавхжуулах зорилготой ажээ.

相关新闻