Олон улсад 7 сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-05-17 12:50:53

Өнөөдөр БСШУЯ-ны 401 тоот танхимд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч их сургуулиудад гэрчилгээ, батламж гардуулах ёслол болов.

Эдгээр сургалтын хөтөлбөрийн нэрсийг БСШУ-ны сайдын 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны А/166 тоот тушаалаар баталсан. Өнөөдөр тус сургалтын хөтөлбөрүүдийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг мэдээлж, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээг нь гардууллаа.

МУИС-ийн “Хими”, “Программ хангамж”, АШУҮИС-ийн “Хүний их эмч”, ШУТИС-ийн “Геодези”, “Цахилгаан холбоо”, ХААИС-ийн “Инженер механик”, МУБИС-ийн “Багш, математикийн боловсрол” гэсэн 7  хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр чанарт ахиц гарахын зэрэгцээ төрийн өмчийн эдгээр их сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх ажлын туршлагатай болох юм.

МУИС-ийн хоёр хөтөлбөрийг олон улсын, 11 хөтөлбөрийг дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх 193003760 төгрөгийн санхүүжилтээр дэмжлэг үзүүллээ. Энэ мэтээр дээрх сургуулиудад тодорхой санхүүжилтийг авч байгаа юм.

Дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн шинэ шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэгдэх хамгийн анхны сургалтын хөтөлбөрүүд болох юм. Уг хөтөлбөрт МУИС-ийн Биологи, геологи, физик, математик, газар зүй, биотехнологи, газар зохион байгуулалт, экологи, мэдээллийн технологи, компьютерын сүлжээ, электрон системийн автоматжуулалт, ШУТИС-ийн Архитектур, оёдлын үйлдвэрийн технологи, үйлдвэрийн экологи, шим тэжээл судлал, ХААИС-ийн Бараа түүхий эдийн судлал, технологи, Зоо инженер технологи, байгаль орчныг хамгаалах технологи, агроном, МУБИС-ийн Багш, бага ангийн боловсрол гэсэн мэргэжлүүд оржээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 72 сургалтын байгууллага, 211 сургалтын хөтөлбөр, олон улсын байгууллагаар 15 сургалтын хөтөлбөр тус тус магадлан итгэмжлэгдээд байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид магадлан итгэмжлэгдсэн сургууль, сургалтын хөтөлбөрийг сонгон суралцсанаар үндэсний болон олон улсын тэтгэлэгт хамрагдах, боловсролоо ахиулан суралцахад өмнөх боловсрол нь хүлээн зөвшөөрөгдөх, Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших зэрэг олон давуу талтай юм.

Д.Өлзий  

相关新闻