Онцгой байдлын алба хаагчид мөнх цаст оргилуудад тугаа мандуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Онцгой байдлын газрын алба хаагчид Цамбагарав хайрханы Цаст оргил /4196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил/3943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил/4192 м/, Мөнххайрханы Жамьяангарав оргил/4150 м/-д амжилттай авирч, Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах болон техникийн ажиллагааны сургалтын хүрээнд дээрх ажиллагааг зохион байгуулсан байна.
Уг сургалтыг Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулж, баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагджээ.
Алба хаагчид энэ үеэр мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан байна.