Гурван сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй бол нэг сар хорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Тэжээн тэтгэх үүргээ
3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад
зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлжээ.
УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр
гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг
түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас
зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага
оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.
Тухайлбал, Хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор
баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ.