"Хариуцлагатай алба хаагч" аяны нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-28 20:49:00

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Хариуцлагатай алба хаагч” ажиллагааны нээлт Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.


ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат "Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.


Энэ удаагийн аяны хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, урам зоригийг нь сэргээхэд чиглэсэн тэмцээн, уралдаан зохион байгуулах, төв болон орон нутаг дахь цагдаагийн байгууллагад хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэх, хамтарсан шалгалт хийх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ” хэмээв.


ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “2021 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60 жил, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохионо. НҮБ-аас 1984 онд баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод Монгол Улс 2000 онд нэгдэж орсон.


Тийм учраас НҮБ-ын гишүүн орны хувьд хэн гэдгээс үл хамаараад бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах, ялангуяа төрд ажиллаж байгаа албан хаагчдыг гэрээ, конвенцын заалтыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болсонд талархаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.  


Цахим хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын Ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд болон “Юнител” ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, аймаг, дүүрэг дэх Прокурорын газар, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов.


Харин “Юнител” ХХК нь энэ аяны  хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад сургалт явуулах, техник технологийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.

 

相关新闻