Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 34 тохиолдолд арга хэмжээ авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Л.Лхагвасайхан тусгаарлах байртай холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш цагдаагийн байгууллага нийт 45 685 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар 45 609 хүнд 548.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнээс тусгаарлах байрны дэглэм зөрчсөн 27, гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн 7, нийт 34 тохиолдолд арга хэмжээ авчээ.
“Тусгаарлах байртай холбоотой гомдол тасрахгүй байна. Тухайлбал, тусгаарлах байр тав тухгүй, тусгаарлах байранд орохгүй гэж зөрүүдлэх, шавж хорхойтой, хоол ундны амт, чанар муу байна гэх мэт гомдол ирж байна. Үүнээс болж төрийн албан хаагчдын ажилд саад учирч байна. Цагдаагийн алба хаагчид тусгай нислэг газардсан цагаас эхлэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Сүүлийн үед иргэд тусгаарлах байрны гадаа очоод энэ байранд орохгүй гэдэг болсон. Гадаадаас ирэхээс нь өмнө тухайн иргэнд тусгаарлагдах байрыг нь танилцуулдаг. Цаашид ийм байдлаар төрийн албан хаагчдын ажилд саад учруулбал, гадаадаас татан авчрах ажил удааширна гэдгийг анхаарах хэрэгтэй" хэмээн ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Л.Лхагвасайхан ярив.
Өнөөдрийн байдлаар, манай улс гадаадын 53 улсаас 66 удаагийн тусгай нислэгээр 13600, газрын боомтоор 6505 иргэнээ татан аваад байна. Тусгаарлан ажиглах байранд цагдаагийн 183 албан хаагч дэглэм сахиулан ажиллаж байгаа бол улсын хэмжээнд давхардсан тоогоор 64 байршилд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 12 936 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Ташрамд дурдахад, хүйтний улирал ирж буйтай холбогдуулан БОАЖЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Яндангаа хөөлцгөөе” аянд цагдаагийн байгууллага нэгджээ. Урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлээс шалтгаалж ард иргэдийн амь нас хохирох нь харамсалтай тул яндангийн бүхээгээ хөөлж, угаартах эрсдэлээс гэр бүлээ хамгаалахыг уриаллаа.