Н.Шинэ-Оргил: Нийслэлийн хэмжээнд таван хороог түүхий нүүрсийг хориглох бүсэд оруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-04 18:12:25

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Түүхийн нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын талаар НМХГ-ын Агаарын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргилоос тодрууллаа.


-Энэ жил хичнээн хороог түүхий нүүрсийг хэрэглэхээс хориглох бүсэд оруулж байгаа вэ?


-Нийслэлийн хэмжээнд таван хороо түүхий нүүрсийг хориглох бүсэд ороогүй байсныг Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор оруулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороог түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд оруулж, 2020-2021 оны өвөл тус таван хорооны иргэд, ААН-үүд сайжруулсан шахмал түлш хэрэглэх шинэ хэрэглэгчид болж байна.


-Түүхий нүүрс ард иргэдийн хэрэглээнээс бүр мөсөн гарч байна уу?


-Монгол Улсын таван аймгийн хэмжээнд агаарын бохирдлын хэмжээ маш өндөр үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өнгөрсөн оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Одоогоор 22 ААН-ийн 170 орчим түүхий нүүрс түлдэг зуух байна. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт, шалгалт хийж байна.


-Сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ?


-Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын хүрээнд Эрдэнэс-Таван толгой компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Таван толгой түлш ХХК-ийг 2018 оны 05 дугаар сарын 10-нд байгуулсан. Таван толгой түлш ХХК хуучин нэг үйлдвэрээс гадна шинэ үйлдвэр хотын зүүн хэсэгт барьж байгаа бөгөөд ашиглалтад орвол Улаанбаатар хот өнгөрсөн жилийнх шиг сайжруулсан шахмал түлшний хомстолд орохгүй байх боломжтой болно. Таван толгой түлш ХХК-д шахмал түлш үйлдвэрлэх 4 шугам ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 800-1000 тонн орчим шахмал түлш үйлдвэрлэж, борлуулалтад гаргаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой 4 үйлдвэрийн 12 шугамыг бүрэн ажлуулах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх, хангалттай нөөц бүрдүүлэхийг НМХГ-аас зөвлөсөн.


-Сайжруулсан түлшийг хаана хадгалах вэ?


-Таван толгой түлш ХХК-ны шахмал түлшний нөөцийн саравч болон агуулахын барилга байгууламжуудыг шалгахад агаар сэлгэлт муу, орчны температур хэт өндөр, дээвэр болон шалаар ус нэвчиж чийг хуримтлагдсан зөрчил илэрсэн. Энэ нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул зөрчлийг арилгах зөвлөмж өгсөн.


-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд НМХГ болон бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагаар хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байгаа. Иргэд нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдах зөрчил гарч байна уу?


-Наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая гаруй тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүллээ. Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан.


-НМХГ-аас айл өрхийн яндан, зуух, галлагаанд ямар хяналт тавьж байна вэ?


-Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн эрсдэлийг бууруулах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлын бууруулах үндэсний хороо, Тавантолгой түлш ХХК хамтран “Яндангаа хөөлье” үндэсний аяныг орон даяар эхлүүлээд байна. Яндан зуухаа хөөлгөхбитүүмжлэгийг хангаагүйгээс угартаж, улмаар амь насаа алдах эрсдэл үүсдэг. Иймд НМХГ-ийн алба хаагчид иргэдэд зөвлөмж өгч ажиллаж байна. Энэ жил угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхөд үнэ төлбөргүй тарааж байна. Угаарын хийн хэмжээ хуримтлагдаж, хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн үед угаар мэдрэгч 30 минутын давтамжтайгаар маш чангаар дуугардаг. Ойрхон давтамжтай дуугараад эхэлбэл улам эрсдэлтэй болж байгаагийн дохио юм. Гэтэл зарим иргэд маш чанга чимээтэй гэдэг шалтгаанаар батарейг нь салгачихдаг.

相关新闻