М.Шижирбаяр: "Нар-Мон" гэрээний дагуу газрын төлбөрийг төлөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-08 14:41:18

Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Тавантолгой түлш" компани нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог "Нар-Мон" ХХК-ийн эзэмшлийн газрыг хураан авсан гэх мэдээлэлд өнөөдөр тайлбар  хийв.


"Нар мон" компанийн удирдлагууд өөрийнх нь эзэмшлийн газрыг төр үндэслэлгүйгээр хураан авч, "Тавантолгой түлш" ХХК-д эзэмшүүлсэн хэмээн өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Харин энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр тайлбарлахдаа “Цахим орчинд төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хууль бусаар хурааж авлаа гэх ташаа мэдээлэл тархаад байна. "Нар-Мон” ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг эзэмшихдээ тухайн дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ тухайн газрын дуудлага худалдаа болон жил бүр төлөх ёстой газрын төлбөрийг мөн төлөөгүй. Гэтэл “Нар-Мон” ХХК-ийнхан төлбөрөө цаг тухай бүрт нь төлж байхад төрийн байгууллага шалтгаангүйгээр газар эзэмших эрхийг цуцаллаа гэсэн. Тус компанид мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4532 м2 газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж шийдвэрлэсэн. Энэ газрын төлбөр төлсөн актыг маргаан үүсгээд буй 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа газрынх хэмээн тайлбарлаад байгаа. Олон нийтийг харахад газрын баримт төлсөн юм шиг боловч үнэн хэрэгтээ тухайн компанийн эзэмшдэг өөр нэг газрын төлбөрийн акт байгаа юм” гэлээ.


“Нар-Мон” компани дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авах ёстой байдаг. Компани жил бүр нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл тус компани байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний дагуу газрын төлбөрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд төлөөгүй. Энэ нь газрын эрхийг цуцлах үндсэн шалтгаан болсон. Мөн уг компанид газрын зөвшөөрлийг олгох үед дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан аж. Энэ нь анхнаасаа хууль зөрчин олгосон газар болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэллээ.


НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал “Нар-Мон” ХХК-ийн тухайд газар эзэмших эрхтэй байсан. Газрын тухай хуулиар төрийн өмчийн газрыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр эзэмшиж байгаа учраас захирамжийн дагуу гэрээ байгуулдаг. Гэрээнд газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн Газрын тухай хуулийн 35.3-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээдэг юм. Тухайн компани энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ шийдвэр гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй боловч тус компани шүүхэд нэхэмжлэх гаргасан асуудал байхгүй” гэв.


Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А/506 дугаар захирамжаар 22,6 га газрыг “Тавантолгой түлш” ХХК-д сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрлэлд агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан. 


“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа хэлэхдээ “Манай компани нийслэлийн 220 гаруй мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг. Бид түлшээ нөөцлөх, хадгалах хүрээнд газрын асуудлыг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад удаа дараа тавьж байсан. Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэгцээнд 3000-5000 тонн түлш шаардлагатай байдаг. Иймд түлшээ нөөцлөх, агуулахад хадгалах хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг газрыг ашиглана” хэмээв.

相关新闻