Мөрдөгчид хэргийн газарт үзлэг хийх ур чадвараа сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн хэргийн газарт үзлэг хийх, мотоцикл жолоодох ур чадварын уралдаанаар үргэлжилж байна.
Одоо эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар суурь шалгалт авах, буудлага криминалистикийн дадлага, самбо каратэгийн дадлага, самбо каратэгийн мэх, 100 метрийн саад давах, 3 километрийн кросс, мал зүслэх, тоног тайлбарлах зэрэг тэмцээнийг зохион байгуулах юм байна.
Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас ирсэн 52 мөрдөн байцаагч болон АТГ, ТЕГ-ын 2 алба хаагч оролцож, мэргэжил ур чадвараа сорьж байгаа юм.
Энэхүү тэмцээнийг Мөрдөн байцаах алба үүсгэн хөгжүүлсний 74 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа ажээ.
Өчигдөр тус тэмцээнийг санаачлагч ЦЕГ-ын дэд, улсын мөрдөн байцаах газрын дарга асан бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл тэмцээний ач холбогдлыг тайлбарлахдаа “Мөрдөн байцаах ажлыг 2-3 жил болоод сурдаг хялбар ажил биш. Маш олон ур чадвар шаардлагатай бөгөөд алба хаагч өөрийгөө үргэлж хөгжүүлж, мэргэшүүлэх хэрэгтэй байдаг. Хуучин хуулийн мэдлэг, ёс зүй, ур чадвартай хүнийг сайн мөрдөн байцаагч гэдэг байсан.
Өнөөдөр шинжлэх ухааны өндөр түвшний мэдлэгтэй, эрүүл бие бялдартай байхыг нэмж шаардаж байна. Ер нь туршлагаасаа харахад мөрдөн байцаагч алдах эрхгүй, алдаа гаргавал эргээд засах ямар ч аргагүй. “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн бол мэргэшсэн мөрдөн байцаагчийг бий болгох зорилготой” гэж онцлов.
Мөн алба хаагчдын дунд энэ сарын 8-нд “Мөрдөн байцаах ажилтны мэргэжлийн ёс зүйн онцлог” эссэ бичлэгийн уралдаан зохиожээ.