Хичээнгүй бичгийн уралдааны дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 14:52:41

Өнөөдөр буюу энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн  Төв номын сан дээр “Үндэсний бичиг үсгийн өдөр”-т зориулсан  “Бидний бахархал монгол бичиг” сэдэвтэй хичээнгүй цэвэр бичих уралдаанаа дүгнэлээ. Тус уралдаанд ирүүлсэн 40 гаруй хүний бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү уралаанд Даланзадгад сумын монгол бичиг сонирхдог насанд хүрэгч иргэд оролцсон юм.

Уралаанд нь Гурван сайхан нисэх буудлын ажилтан М.Дэлгэрбат түрүүлж, НХҮХ-ийн ажилтан Д.Өлзийбаяр удаалсан бол мөн тус хэлтэсийн ажилтан Ө.Мөнхсайхан гуравдугаар байрт шалгарчээ. Дээрх уралдаанд оролцогчид говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууны эхний гурван бадгийг монгол бичгээр хичээнгүй бичиж ирүүлсэн юм. Үндэсний өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдийг монгол бичиг сурч эзэмшихийг дэмжих, сурталчлах зорилготой тус уралдааныг Өмнөговь аймаг дахь ХААН банкны хамт олон ивээн тэтгэжээ.

Мөн тус уралдаанд монгол бичгийн багш нар болон мэргэжлийн хүмүүс оролцуулаагүй бөгөөд эхний шүүлтээр шалгарсан таван хүнийг энэ өдөр шүүгчдийн өмнө дахин хичээнгүй бичүүлж шалгаруулалтаа хийжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻