Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар мэргэшсэн хуульчдын хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dusem11@yahoo.com
2020-10-02 16:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүгчид, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчид, ялангуяа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж буй хуульч, өмгөөлөгчид өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд  хэлэлцүүлэг хийв.


Нээлттэй нийгэм форум “ННФ” нь Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Захиргааны хэргийн шүүхийн практик” сэдэвт судалгааны тайланг танилцуулав. Уг судалгаа нь нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийж буй төрийн бус байгууллагуудад тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм.


Монгол Улсад нийтийн эрх ашгийн өмгөөлөл буюу стратегийн өмгөөлөл өргөжин хөгжихөд тулгарч байсан гол бэрхшээл нь нийтийн ашиг сонирхлыг хэн төлөөлөн шүүхэд хандах эрхтэй вэ гэдэг асуудал байлаа. Харин 2016 онд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдаж ТББ-ууд нийтийн ашиг сонирхлыг Захиргааны хэргийн шүүхэд төлөөлөн хамгаалах эрх зүйн боломж үүссэн юм.


Энэ удаагийн хэлэлцүүлэг нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь хуулийн хэрэгжилт, сахилга, хариуцлага, шударга ёсыг шаардах, төрийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэхэд жишиг тогтооход чухал ач холбогдолтой болов. 


Иймд судалгаагаар шинэ тутам бий болсон эрх зүйн боломжийг ашиглан Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийтийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг маргааныг “2016 оны 7 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд” хянан шийдвэрлэх ажиллагаанд дүн шинжилгээ хийжээ.


Дүн шинжилгээний үр дүнд, хуулийн хэрэглээ буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн практикт болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үйл ажиллагааг анхаарах зэрэг асуудал байгаа аж. Мөн уг хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гэсэн чиглэлээр дүгнэлт, зөвлөмж боловсруулсан байна.


                                                                                                                                                                                     Э.Ариунзул 

相关新闻