Нарны хороололд шуурхай албаны автомашин чөлөөтэй нэвтрэх боломжгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас Нарны хорооллын аюулгүйн албатай хамтран тус хорооллын орц, гарцаар чөлөөтэй нэвтрэх боломж нөхцөлийг шалгах дадлага сургууль зохион байгууллаа.
Тодруулбал, нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн шуурхай албаны автомашинуудыг дуудлагаар ажиллуулж туршсан байна.
Шуурхай албаны автомашинуудыг хүрч очиход тус хороолол руу орох хэсэгт автомашинууд бөөгнөрч хөдөлгөөн зогссон, зорчих хэсэгт иргэд автомашинаа байрлуулсан, зай талбай хязгаарлагдмал нөхцөл байдалтай байжээ.
Тиймээс гал түймэр, аврах ажиллагааны шуурхай албаны автомашин хүрч очиход чөлөөтэй нэвтрэх боломжгүй байгааг оршин суугчдад бодитоор харуулж, аюулгүй байдлаа ханган холбогдох дүрэм журам, норм нормативыг мөрдөж байхыг анхаарууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.