Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-28 13:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаатай энэ сарын 27-нд танилцлаа.


Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 6000 гаруй алба хаагч цахимаар оролцов.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ “Юуны өмнө миний бие өнөөдөр Ардын хувьсгалтай нас чацуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ, ялангуяа дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ маш сайн гүйцэтгэж байна.


Сүүлийн үед иргэд төрийн алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, бие, эрх чөлөөнд нь халдах, хэл амаар доромжлох явдал гарч байна. Иймд алба хаагчид та бүхэн хуулийн хүрээнд ажиллаж, хариуцсан ажил, албандаа эзэн нь байж, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг судалж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай.

Төр засгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг улам сайжруулах чиглэлээр анхаарал хандуулсаар байх болно”  хэмээлээ.

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлага, алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн эрх ашиг ихээр хохирч, амь насаа алдаж байгаа тул төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой үр дүнтэй ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан тэдний эрх ашиг, нэр төр хөндөгдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, өмгөөлөх, хууль ёсны үйлдлийг иргэдэд тайлбарлан ойлгуулж, буруутай иргэнд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх ажлыг сайжруулах үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтын дараа Мөрдөн байцаах албаны байранд зочилж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй техник, тусгай хэрэгсэл, хар тамхитай тэмцэх нэгжтэй танилцлаа.

 

相关新闻