“Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын энэ оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр “Novetel” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Энэхүү тэмцээн 4 дэх жилдээ ХЗДХ-ийн сайдын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хэсгийн төлөөлөгч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэжээ.
Цагдаагийн байгууллагад ажилласан хугацаа, ажлын үр дүн, шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээнд хэддэх жилдээ оролцож байгааг харгалзахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар шалгах тэмцээний дүнг үндэслэн шилдгүүдийг шалгаруулах юм. Нийт 300 хэсгийн төлөөлөгч мэргэжлийн ур чадвараа сорин оролцсоноос хоёрдугаар шатанд нутаг дэвсгэр хариуцсан 18 цагдаагийн байгууллагын 24 хэсгийн төлөөлөгч сүүлийн шатанд тунан үлдсэн бөгөөд шилгүүдээ энэ сарын 6-нд шалгаруулна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний амрыг эрье. Засгийн газар, ХЗДХЯ-наас сум, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад эрх зүйн болон нийгмийн бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлдэгт алба хаагч нарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Тэмцээнд оролцохоор ирсэн хэсгийн төлөөлөгч нартаа ажлын амжилт хүсье” хэмээлээ.
Мөн ХЗДХ-ийн дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын ХЗДХЯ-наас алба хаагчдын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар тус албаны тогтолцоо, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг баталгаажуулж өгсөн билээ. Тухайлбал, цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуульчилж, хэсгийн төлөөлөгч та бүхний нийгмийн баталгааг хангах, сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний хүрээнд 42 хэсгийн төлөөлөгчид 686 сая 752 мянга 416 төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. ХЗДХ-ийн сайдын 2017 оны А93 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар анх шийдвэрлэсэн. Хэсгийн төлөөлөгч нарыг ажил албандаа мэргэших, мэдлэг ур чадвараа сайжруулах, тогтвор сууршилтай ажиллах, хэсгийн төлөөлөгчийн нэр хүндийг өндөрт өргөж, тууштай авч явахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг ХЗДХ-ийн сайдын нэрэмжит болгож, автомашин, мотоцикл, эд хөрөнгө комьпютерын шагналтай зохион байгуулж ирсэн” хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газраас санаачилсан “Иргэдийн оролцоо II” төслийн дэмжлэгтэйгээр хэсгийн төлөөлөгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах хэсгийн төлөөлөгчийн өврийн номын төслийг боловсруулж, эмхэлж ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтэст Дотоодын цэргийн их сургуультай хамтран нутаг дэвсгэр хариуцсан хэсгийн төлөөлөгч нарт хүргүүлжээ. Одоо өврийн номыг үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байгаа аж.