Хархорум музейн үзмэрээс: Богтаг малгайтай хүн чулуун хөшөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-05 22:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Цахим орчинд соёл түгээе” уриалгад Хархорум музей нэгдлээ.

 

Тус музей Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг XIII-XIV зуунд холбогдох богтаг малгайтай хүн чулуун хөшөөг танилцуулж байна.

 

Монголын эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын ойр буй эмэгтэй хүний дүрст энэ хүн чулуу нь эрт цагийн монгол эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн салшгүй нэгэн хэсэг болох “Богтаг” малгайг чулуунд дүрсэлсэн цөөн дурсгалын нэг болохын хувьд түүхэн ач холбогдлоороо туйлын үнэ цэнтэй дурсгал юм.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Сарын голын зүүн эргийн Бумбат хэмээх хадтай толгойн өвөрт буй хүн чулуут дэнжийг нутгийнхан Хөшөөн дэнж гэж нэрлэдэг.

Хөшөөн дэнж хэмээх газарт буй хүн чулуун хөшөө бол холбогдох цаг хугацаа хийгээд түүх соёлын хамаарлын хувьд Түрэгээс хойших үе буюу XIII-XIV зууны Монгол гүрний үед холбогдох дурсгал болох нь судалгаагаар нотлогджээ. Энэ хүн чулуу нь нийт хүн чулууны урлагийн бүтээл дотор нэн ховор тохиолддог эмэгтэй хүний дүрстэй чулуу болохын хувьд онцгой.

 

Мөн дундад зууны Монгол оронд айлчилж байсан Өрнө, Дорнын жуулчдын замын тэмдэглэлд удаа дараа тэмдэглэн бичсэн, тухайн үеийн монгол эхнэрүүдийн өмсөх өвөрмөц хэлбэрийн өндөр гозгор оройт малгайг дүрсэлжээ. Уг малгайг Нангиад жуулчид “гу-гу”, Европ жуулчид “бокка” гэж тэмдэглэсэн байдаг байна.

 

Ийм хэлбэрийн малгайг XIV зууны перс миниатур зураг, Юань улсын хаад, хатдын хөрөг зэрэг уран зургийн бүтээлд туйлын бодитоор дүрсэлсэн байх ажээ. Монгол нутгийн дорнод хязгаарт оршдог XIII-XIV зууны Монголчуудыг чулуун хөрөгт үүнийг дүрслэх явдал тохиолддог байна. Түүнчлэн богтаг малгай нь Монголыг эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэрт малтан шинжилсэн дундад эртний монголчуудын булш оршуулгын дурсгалаас биет байдлаараа олдож байжээ.

 


相关新闻