Герман хэлээс орчуулсан хууль, эрх зүйн дөрөв дэх бүтээл гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-10 15:07:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-гээс энэ оны 6 дугаар сараас хойш буюу хагас жилийн хугацаанд хууль эрх зүйн 6 бүтээлийг эмхэтгэн, хэвлүүлсэн байна.


Тодруулбал, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гарын авлага, “Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох эрх зүйн акт” эмхэтгэл, “ХБНГУ-ын Үндсэн Хууль”-ийг орчуулга, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Хөдөлмөрийн харилцаа асуулт, хариулт” гарын авлага, мөн “Гэр бүлийн харилцаа асуулт, хариулт” гарын авлага зэрэг зургаан бүтээлийг цахимаар танилцууллаа.


ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга хууль зүйн доктор П.Амаржаргал хэлэхдээ, "Манай улс Ром, Германы эрх зүйн тогтолцоотой. Германы эрх зүй судлаач, сонирхогчдод зориулж, ХЗҮХ-гийн судлаачид 11 дэд хэсгээс бүрдсэн “ХБНГУ-ын Үндсэн Хууль”-ийг орчууллаа. Тус бүтээл нь Германаас орчуулсан дөрөв дэх бүтээл болж буй юм" гэлээ.


ХЗҮХ-гээс санаачилж, 16 байгууллагатай хамтран “Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил Төрийн ордны их танхимд зохион байгуулжээ. Энэ хүрээнд Япон, Өмнөд Солонгос, ХБНГУ, ОХУ-аас эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, Монгол Улсын Үндсэн Хуулийн талаар цогц хэлэлцүүлэг хийсэн байна. Тус хурлаас гарсан санал, дүгнэлтийг эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг хэвлүүлжээ.


“Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох эрх зүйн акт” эмхэтгэлийг Монгол Улсад одоо мөрдөгдөж буй Үндсэн Хуулиас хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой ишлэл, Хөдөлмөрийн тухай хууль,  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, зөрчлийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцаатай холбогдох хэсгийг оруулсан байна. Мөн 2019-2020 онд хийсэн Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр, хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал зэргийг оруулан эмхэтгэсэн байна.


ХЗҮХ-ийн Зөвлөгөө мэдээллийн ажилтан Г.Болормаа гарын авлагын талаар танилцуулахдаа “Монгол Улсын Засгийн Газраас 2018 оны 2 сарын 14-нд баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний зөвлөлийн ажлын албаар ХЗҮХ нь ажиллаж байгаа бөгөөд дэргэдээ 1800-1202 хууль зүйн зөвлөгөө мэдээллийн тусгай утсыг гурван жил ажиллуулж байна. “Хөдөлмөрийн харилцаа асуулт, хариулт” болон “Гэр бүлийн харилцаа асуулт, хариулт” гарын авлагыг ХЗҮХ-гийн тусгай дугаар 1800-1802 утсанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэн боловсруулсан. Тус утсаар иргэдээс хөдөлмөрийн харилцаа, гэр бүлийн харилцааны талаар түгээмэл асуулт ирүүлдэг. Эдгээр хоёр гарын авлага нь амьдрал дээрх бодит тохиолдолд тулгуурлаж боловсруулснаараа онцлог бүтээл юм гэлээ.


ХЗҮХ-гээс “Бүх нийтийн хууль зүйн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд гурван сувгаар дамжуулан иргэдэд тусгай дугаараас гадна “E-khutuch цахим хуудас, “Хууль зүйн луужин” фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна.

 


相关新闻