Монгол Улсын энхийг сахиулагчид хоёр хүний амь аврав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйгаа батлан харууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон Судан улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн
хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн
амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэж буй юм.
Тодруулбал, 11 дүгээр сарын 30-ны 17.50 цагийн орчимд Юнити мужийн Бентью хотын
дотоодын дүрвэгсдийн хуаранд үйл ажиллагаа явуулж байсан “Хил хязгааргүй эмч
нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хоёр эмэгтэй ажилтан руу орон нутгийн
нэг иргэн халдаж, хүчирхийлэхээр завдсаныг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан
дэд ахлагч Г.Мөнхбат, Г.Ганбаяр нар цаг алдалгүй таслан зогсоожээ.
“Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын удирдлага,
ажилтнуудаас манай цэргийн алба хаагчдад чин сэтгэлээсээ талархал
илэрхийлж, амжилт хүссэн юм.
Холбогдох албаныхны мэдээлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар
ээлжийн мотобуудлагын батальоны хариуцлагын бүсэд энэ төрлийн гэмт хэрэг,
халдлага, хүчирхийлэл цаашид ч үргэлжлэх хандлагатай байна гэв.