Автомашины эд ангид хавчуулагдсан иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-20 13:45:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага ирсэн байна. Үүнээс ослын улмаас 20 хүн гэмтэж орон нутагт гурван хүний амь хохирчээ.


Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Маяти-2 загварын автомашин онхолдсон гэх дуудлага өчигдөр 15.40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гурван километрийн зам туулан 15.45 цагт ослын газарт ирэхэд 33 настай, эрэгтэй Б автомашины эд ангид хавчигдан, гэмтсэн байжээ. Алба хаагчид тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн байна.


Энэ долоо хоногт гарсан зам тээврийн ноцтой ослоос дурдвал, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг, дөрвөн замын уулзвар дээр асфальтан замд "Хьюндай старекс" загварын автомашинаар явган зорчигчийг мөргөж амийг нь хохироожээ. Мөн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, Улаанбураа гэх газар (сумын төвөөс зүүн урагш 50 км) шороон замд "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай, эмэгтэй Ж-ийн амь хохирсон байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р баг, 216 гэх газар (аймгийн төвөөс зүүн хойш 30 км) шороон замд хувийн эзэмшлийн "Tоёота марк 2" автомашины жолооч согтуугаар жолоо барьсны улмаас онхолдож, хамт зорчиж явсан 32 настай эрэгтэй амиа алджээ. 


Хяналт, шалгалтаар 121 согтуу жолооч илрүүлсний 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт бүртгэгджээ.


相关新闻