“Hyundai”, “Apple” хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Reuters/.
“Hyundai”, “Apple” компани автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээх
чиглэлд хамтран ажиллах гэрээг ирэх гуравдугаар сар гэхэд байгуулж, 2024 оноос
АНУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байна гэж “Korea IT News” сонинд мэдээлжээ.
БНСУ-ын “Hyundai” компани автомат жолоодлоготой автомашин
хөгжүүлэх талаар АНУ-ын “Apple”
компанитай хэлэлцээ өрнүүлж эхэлснээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Энэхүү мэдээг
гарсны дараа “Hyundai”-гийн
хувьцааны ханш 20 орчим хувиар өссөн байна.
“Hyundai” компани БНСУ-ын сонинд өнгөрсөн ням гарагт гарсан мэдээний талаар тодруулга өгөхөөс татгалзаад, автомат
жолоодлоготой цахилгаан автомашин үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлт
олон компаниас ирсэн гэдгийг дахин мэдэгджээ.
“Apple” ч мөн хоёр талын хамтын ажиллагааны талаар ямар нэгэн
мэдээлэл хийгээгүй байна. Тус компанийн хувьд автомат жолоодлоготой тээврийн
хэрэгслийг 2024 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард
мэдэгдсэн билээ.