НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-31 16:57:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын менежер Виктор Лутенкогоор ахлуулсан баг наймдугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.

Говь-Алтай аймгийн ЗДТГ нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, “Орон нутгийн төрийн бус байгууллагуудын сүлжээг бий болгох, чадавхжуулах замаар дотоодын шилжин суурьшигчдын эмзэг байдлыг хязгаарлах нь” төсөлд нэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкогоор ахлуулсан баг хамт олон Говь-Алтай аймагт ажиллаж, төсөлд хамтран ажиллагч:

- Аймгийн Засаг даргын Тамгын газар

- Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

- Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзаж, хийгдсэн ажилд үнэлэлт дүгнэлт хийн, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлов. 

Тус байгууллагын дэмжлэгээр Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Шилжин суурьшигчдын эмзэг байдлыг хязгаарлах нь” төслийн хүрээнд аймгийн Улаан загалмайн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдэд “Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ” сургалтанд 16, 17-ны өдрүүдэд шилжин суурьшсан, хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнд гар урлал бэлэг дурсгал “Органик бүтээгдэхүүн урлах” сургалтуудад хамруулсан байна. Мөн Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний хэрэгжүүлж буй орон нутгийн ТББ-уудын жижиг төслүүдээр дамжуулан иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, сунгуулах, хаягийн зөрчилтэй иргэдийг бичиг баримтжуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа ажээ.


相关新闻