ГОВЬ-АЛТАЙ: "Сүү" хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 3-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжих "Сүү" хөтөлбөрийг баталлаа.
"Сүү" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад долоо хоногт 5 удаа ариутгасан сүү өгөх зорилт тавьсан юм. Энэ нь хүүхдийн эрүүл өсөх, дархлаа дэмжих, яс шүдний бэхжилт болон хоол хүнснээс авах илчлэг, шим тэжээлийн дутагдлыг бууруулах ач холбогдолтой юм.
Өдөр бүр сүү ууснаар хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор, магни авдаг байна. Эдгээр амин дэмүүдийг авснаар:
-Биеийн дархлаагаа сайжруулах,
-Өөрт хэрэгтэй А, В1, В2, В12 амин дэм нөхөх,
-Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих,
-Шүдийг бэхжүүлэх,
-Биеийн ба оюуны алжаал ядаргааг тайлах,
-Биеэс хор гадагшлуулах зэрэг олон давуу талтай юм.
Сургуулийн хүүхдүүдэд нийлүүлэх сүүг орон нутгийн үйлдвэрлэгчид хангана.
Ulaanbaatar