Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсад ажлын айлчлал хийж буй Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Удо Хэлгэ Фоксийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр бригадын генерал Т.Бадрал Монгол орны усанд эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, чадавхийн талаар ноён Фоксод танилцуулж, цаашид тус олон улсын холбоотой усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улмаар Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Фоксийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.
Монгол Улсын Зам, тээврийн яамны Далайн захиргаанаас Далайн аврах ажиллагааны олон улсын холбоотой хамтран энэ сарын 06-07-ны өдөр Хөвсгөл нуурт усны осол, түүний аврах ажиллагааны талаар хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Н.Туяа