Цоохор ирвэс Говь-Алтай аймгийн бүх суманд тархан идээшилдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид “Цоохор ирвэс хамгаалах бишкекийн тунхаглал”-ыг 2013 оны 10 дугаар сард баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж, хамгаалахад уриалах зорилгоор аймгийн БОАЖГ, "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийн нэгж, сумдын сурагчдын эко клуб, багш нарын бүрэлдэхүүн хамтран “Ирвэсийн эх нутаг 2021” үйл ажиллагааг аймгийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.
"Ирвэсийг хамгаалахын тулд идэш тэжээлийг нь хамгаалъя" уриан дор зохион байгуулж байгаа үйл ажиллагаааг хоёр үе шаттай хийж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд ирвэсийн өдрийг угтаж хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэж, ирж буй жилд ирвэсийг хамгаалахад түүний идэш тэжээл бологч амьтдын хамгаалалд анхаарлаа хандуулав. Ялангуяа янгир ямааны хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх хэлэлцүүлгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хийж, ажлын төлөвлөгөө гарган, ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах чиглэлээр такси эрхлэгчдэд тодорхой урамшуулал олгох тараах материал олгож, хууль бус агнуур худалдаалалтаас урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх чиглэлээр эко клубын сурагчид нөлөөллийн ажил хийж гүйцэтгэлээ хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Улаан номд орсон цоохор ирвэс нь Говь-Алтай аймгийн бүх суманд тархан идээшилдэг бөгөөд улсын хэмжээнд нөөц ихтэй аймгийн тоонд ордог аж.