Үндэсний хувцсаараа гоёсон 10 мянган хүн баярын жагсаалд алхав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-10 18:37:43

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэн таниулах, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загвар хийцийг гайхуулах зорилго бүхий “Дээлтэй Монгол-2016” наадам өнөөдөр боллоо.

Эдүгээгээс 10 жилийн өмнө анх зохион байгуулж байсан энэхүү наадамд 100 гаруй хүн оролцож байсан бол өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, “АПУ”, “G Mobile” компани, ӨМӨЗО-ны төлөөлөгч тэргүүтэй 10 мянга гаруй дээлтэй Монголчууд Чингисийн талбайд жагсав.

Олон мянган жилийн түүхийн явцад бий болж, тухайн үндэстнийхээ язгуур соёл, амьдралын онцлогийг таниулах, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь үндэсний хувьцас байдаг. Монгол туургатны дээл хувцас нь манай орны байгаль, цаг уур, аж ахуй, амьдралын хэв маяг, ёс заншилтай холбоотой бүрэлдэж өнөөдрийг хүртэл хөгжин шинэчлэгдсээр ирсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Су.Батболд наадмын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Үндэсний хувцсаа ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор анх зохион байгуулж байсан “Дээлтэй Монгол” наадам эдүгээ гадны зочид, жуулчдыг татах томоохон арга хэмжээ болж өргөжсөн. Энэхүү наадамд ач холбогдол өгч, баярын жагсаалд оролцсон нийслэлийн иргэд, ӨМӨЗО-ны ахан дүүсдээ талархал илэрхийлж байна. Маргааш Үндэсний их баяр наадам эхэлнэ. Та бүхэндээ хотол түмнээрээ сайхан наадахын ерөөл дэвшүүлье” хэмээв.

Энэ жилийн наадмыг дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудыг түлхүү танилцууллаа. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг олон арга хэмжээ боллоо.

Үндэсний ёс заншил, хувцсаа олон улсад сурталчлан таниулах ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулж байгаад үзэгч олон баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Цогтбаатар, “Сүүлийн үед залуус үндэсний хувцсаа өмсөх нь багассан. Ихэвчлэн наадмаар эсхүл цагаан сараар үндэсний хувцсаар гоёдог. Ер нь уламжлалт гэхээсээ загварын, орчин үеийн хэв шинжийг илэрхийлсэн дээл илүү өмсдөг болжээ. Харин энэхүү наадмын хүрээнд Монголын олон ястны уламжлалт дээл хувцсыг үзлээ. Судлах сонирхол төрсөн шүү” хэмээв.

Мөн АНУ-ын иргэн Кристофер Торес, “Их эзэн Чингис хааны өлгий Монгол нутагт ирэхийг 5 жилийн өмнөөс л хүсэх болсон. Энэ жил хүслээ биелүүлж танай найрсаг орноор аялж байгаадаа баяртай байна. Үндэсний их баяр наадам үзээд буцах төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр “Дээлтэй Монгол” наадамд оролцлоо. Монгол үндэсний хувцас үнэхээр өвөрмөц, гоёмсог юм. Монгол нутагт дахин ирэх хүсэлтэй байна” гэлээ.

Наадмын төгсгөлд жагсаалд оролцогчдоос шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаадын оролцогчийг шалгаруулав. 

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллав.

Ч.Ариунболд

相关新闻