Төрийн албаны ерөнхий шалгалтад 100 оноог хувиараа хөдөлмөр эрхлэгч Х.Батболд авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 15,16-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн байранд зохион байгууллаа.
11 дүгээр
сарын 15-ны өдөр 135 иргэн шалгалт өгөх ёстойгоос 106 хүн шалгалтад орж 31
иргэн тэнцсэн аж.
Харин 16-ны өдөр
88 иргэн шалгалтад орох ёстойгоос 72 иргэн орж 26 иргэн тэнцжээ. Нийт шалгалт
өгөхөөр 223 иргэн бүртгүүлснээс 178 иргэн шалгалтад орж 57 иргэн тэнцсэн
байна.
Хамгийн өндөр оноо буюу Ерөнхий
мэдлэгийн 55 онооноос 55, Монгол хэл бичгийн шалгалтад 30 оноо авахаас 30, Дүн
шинжилгээ хийх чадварын шалгалтад 15 оноо авахаас 15 оноо авч нийт 100 оноог хувиараа хөдөлмөр эрхлэгч Х.Батболд авсан
ажээ. Шалгалт хоёр өдөр дөрвөн ээлжээр халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион явуулж дууслаа гэж аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс мэдээлэв.