“Монгол туургатны өв соёл” үзэсгэлэнгийн шилдгүүд шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-25 11:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Соёлын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Монгол туургатны өв соёл” олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслолыг Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн “Орд арт” галерейд зохион байгууллаа.


Монгол туургатны түүх, өв соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хүүхэд багачуудын авьяас чадварыг сурталчлах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн тус наадамд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Тува Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхэд багачууд оролцов.


Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар оролцож, шилдэг бүтээлийн шагналыг гардууллаа. Тус наадамд оролцсон 243 хүүхдэд талархал илгээв.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг хүүхдүүд монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхууллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас хамааран үзэсгэлэнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай Өвөрхангай, Дорнод, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь аймгаас хүүхдүүд уран бүтээлээ цахимаар илгээсэн юм. 



相关新闻